Хэнтийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар бие даан өрсөлдөхөөр болжээ

2019-05-02 11:20:00

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын орны гишүүнийг сонгох Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль зургадугаар сарын 30-ны өдөр болно. Намуудын нэр хүнд, чадамжийг харуулах цаашлаад 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлох тус сонгуульд аль намаас хэн, хэн өрсөлдөх нь олны анхаарлыг татаад байна. Ямартай ч МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

228 сая төгрөгийн өртөгтөй болох Хэнтийн нөхөн сонгуульд Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам зэрэг намууд Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ албан ёсоор хүргүүлээд байгаа билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар Хэнтийн нөхөн сонгуульд бие дааж өрсөлдөнө гэдгээ өөрийн цахим хуудасаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ "Хоёргүй сэтгэлээр эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэснийг минь үгүйсгэж, хулгайч луйварчин болгон зарлаж, хийж бүтээсэн болгонийг минь өөрсдөө хийж бүтээсэн болгож, өөрсдийгөө товойлгон ардын баатар болж байгаа нөхдүүдийг зүгээр сууж чадахгүй ээ. Гутаан доромжлох тусам өнгө орж, шударга бүхний төлөө өөрийгөө золиослоход бэлэн байна. Монголчууд эх орондоо сайхан амьдарч, айж эмээлгүй өөрсдийн амьдрал ахуйгаа сайжруулан үр хүүхэд нь эх орондоо сайхан амьдрах тэр сайхан цагын төлөө эцсээ хүртэл тэмцэж амьдарна. Газар нутагаа эзэн Чингисийн нутгаа онгон төрхөөр нь байлгахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ ээ. Нөхөн сонгуульд бие дааж өрсөлдөн хийж гүйцээж чадаагүй ажиллуудаа нутгийн зон олныхоо төлөө хийхээр зориг шулуудлаа" хэмээжээ.

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хувьд түүний хувьд Хэнтий аймагт төрж, Биндэр суманд 10 жилийн боловсрол эзэмшжээ. Ажлын гараагаа ШУА-ийн химийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний туслах ажилтнаар эхлүүлсэн бөгөөд 2001 онд “Монроуд” компаниа байгуулах хүртэл дандаа төрийн байгууллагад ажиллажээ. Тун эрт улс төрд хөл тавьсан ч 2012 онд л нэр дэвших боломж олдож, улмаар төрсөн нутагтаа АН-аас өрсөлдөн ялалт байгуулсан юм. Улс төрд орж ирээд богино хугацаанд “туршлагажиж”, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хүртэл ажилласан билээ.

Улс төрийн намууд нэгэнт өрсөлдөх нь тодорхой болсон учраас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь ирэх өдрүүдэд сонирхол татах сэдэв болж байна. 


Улс төр


Таамаг



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.